Нүүр хуудас Улс төр Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан эсэх тодорхойгүй.

Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан эсэх тодорхойгүй.

164
0

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 2016 оны УИХ-ын сонгуулиар эрх баригч намын сонгуулийн штабыг ахлан ажилласныхаа  дараа  Монгол Улсаас Их Британи Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон явсан билээ. Нэгэн үе ОХУ-д элчингээр сууж байсан тэрээр оффшор данстай холбоотой сөрөг мэдээллүүдээс үүдэн гадны оронд суух хүсэлтийг намдаа уламжилж, нам нь хүлээн зөвшөөрлөө гэх шүүмжлэлд өртөж байв.

Элчин сайд С.Баярыг албан тушаалаасаа огцрохыг тус улсад суугаа монголчуудын төлөөлөл өнөөг хүртэл шаардсаар байгаа юм. Тэрээр энэ талаар өмнө нь “Намайг төр томилсон. Төрийн томилгоог гудамжны тэмцэгчдээр шийдүүлэхгүй” гэх утга бүхий мэдэгдэл хийсэн байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоныхоо дараа хоёр элчин сайдыг эгүүлэн татахаар УИХ-тай зөвшилцөх бичиг хүргүүлсэн билээ. Тодруулбал 7 сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим Элчин сайдуудыг эгүүлэн дуудах тухай зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн.

Уг албан бичигт  “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” хэмээсэн. Уг албан бичгийг УИХ хүлээж авахгүй хэмээн багагүй маргаан дэгдэх зуур  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаар шуугиж эхэллээ.

Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд гарсан хүсэлтэдээ “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өмнөх томилгоог цуцлахыг УИХ-тай зөвшилцөхөөр албан бичгээр ханджээ. Энэ нь тэнд хэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагаас үл хамааран Элчин сайдыг томилдог Монгол төрийн нэг инситуцээс татгалзаж байгаа хэрэг юм. Иймд Элчин сайдын албаа өөрийн хүсэлтээр чөлөөлж өгнө” гэсэн утга агуулгатай байсан талаар зарим хэвлэл мэдээлжээ. Ямартай ч одоогийн байдлаар энэ талаархи албан ёсны мэдээлэл гараагүй байна. Тэрээр өмнө нь Ерөнхий сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан учраас энэ удаад ч улс төрийн ийм хэмжээний соёл гаргана гэх таамаг бас явж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here