ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны нээлт өнөөдөр МУБИС-ийн А байрны 201 тоотод боллоо. Тус аяны нээлтэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, МЗХ-ны нарийн бичгийн дарга Б.Бэлгүүтэй, МУБИС-ийн дэд захирал Б.Сүхболд нар оролцов. Энэхүү аяны хүрээнд ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул “Залуучуудын өнөөгийн байдал ба хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” Y-peer буюу Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээний сургагч багш Э.Галхүү “Эрүүл мэнд нөхөн үржихүй” Нийгмийн эрүүл мэндийн үндэсний мэргэжилтэн С.Гэрэлмаа “Эрүүл мэнд нөхөн үржихүйн талаар илтгэл тавьж, оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалан хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах ажлыг хийлээ.
Мөн эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг өгсөн юм. Дэлхийн улс орнуудын залуучуудын хөгжлийн түвшинг тэдний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн идэвхи оролцоо, улс төрийн оролцоо буюу хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр тооцон гаргадаг билээ. Эдгээр таван үзүүлэлтээс монгол залуучуудын хувьд эрүүл мэндийн асуудал их тулгамдаж байгаа бөгөөд энэ нь залуучуудын өрсөлдөх чадварт ихээхэн нөлөө үзүүлж байна. Энэ нь манай улсын нийт залуучуудын гуравны нэг нь архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, жингийн илүүдэлтэй холбоотой аж.
Мөн гэр бүлийн өртөгсдийн 57.2 хувь нь, гэмт хэргийн хохирогчдын 50 хувь, осол гэмтэл, хордлого, гадны нөлөөнөөс нас барагсдын 57.3, ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн 41.2 хувь нь 30 хүртэлх насны залуучууд үйлдсэн байна. Иймд залуучуудад амьдралын эрүүл дадал хэв маягийг хэвшүүлэх нь эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагааг аяны хүрээнд зохион байгуулах юм.