Дэлхийн уул уурхайн салбарт нөлөө бүхий Рио Тинто групп Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газраа өнөөдөр нээж байна.
Уг арга хэмжээнд оролцохоор Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ.
Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийн хувьд Монголд хамгийн олон удаа ирсэн Риогийн захирлуудын нэг. Тэрээр төлөөлөгчийн газрын нээлтэд оролцохоос гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах албан бус мэдээ байгаа юм.
Түүнчлэн, Монголын татварын албанаас Оюутолгой компанид тавьсан 155 сая ам.доллар татварын акт, Уул уурхайн дэд сайд Д.Загджавын Оюутолгой эсрэг мэдэгдэл, Дубайн гэрээнд дахин шалгалт оруулах зэрэг маргаантай асуудлууд хөндөгдөж байх үетэй зэрэгцэн Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Монголд ирж байгаа нь анхаарал татаж байна. Магадгүй Жан Себастьян Жак эдгээр маргаантай асуудлаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын төлөөлөлтэй уулзах үеэр хөндөн ярилцах болов уу гэсэн таамаглал байгаа юм.
Рио Тинто группийн Улаанбаатар хотод нээгдэж буй шинэ оффист 80 гаруй монгол иргэн ажиллах бөгөөд төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирлаар Дөлийн Мөнхтүшигийг томилоод байна. Монгол дахь төлөөлөгчийн газар нь Рио Тинто группийн хайгуулын хөтөлбөр, технологийн төвд дэмжлэг үзүүлж ажиллах аж.
Түүнчлэн, Монгол дахь түншлэгч талуудтай харилцаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах юм байна.