Нүүр хуудас Эрүүл мэнд ӨЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлын чанар, хүртээмжийг сайжруулна

ӨЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлын чанар, хүртээмжийг сайжруулна

308
0
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй хамтран энэ сарын 27-28-ны өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй Нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажлын чанар, хүртээмжийг сайжруулах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ Өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлж буй тусламж, үйлчилгээний дийлэнх хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байхаар зохицуулж, өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартаар өрхийн эрүүл мэндийн төвд нийгмийн эрүүл мэндийн ажилтан ажиллахаар тусган оруулсан. Энэхүү стандарт ёсчлон батлагдсан тул батлагдсан өдрөөсөө эхлэн дагаж мөрдөх ёстой. Өнөөдрийн байдлаар нийт 220 өрхийн эрүүл мэндийн төвийн 90 орчим хувь нь нийгмийн эрүүл мэндийн ажилтныг ажиллуулж байна гэсэн судалгаа бий.

Гэтэл өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй нийгмийн эрүүл мэндийн ажилтан чиг үүргийн хүрээнд ямар ажлыг гүйцэтгэх, хэнтэй хамтран ажиллах, үйлчлэх хүрээний хүн амд ямар тусламж, үйлчилгээг үзүүлэх нь тодорхойгүйн улмаас эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж буй эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжрахгүй байна. Иймд 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын ажлын чиг үүргийг тодорхой болгож, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, үйл ажиллагааг зохион байгуулахад тулгамдаад буй асуудлыг хэлэлцэн, зөвлөмж боловсруулах, нийгмийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэж буй их, дээд сургуулиудад санал хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах тул энэ 2 өдрийн хэлэлцүүлэгт хүн бүр дуу хоолойгоо сонсгож, идэвхтэй оролцохыг уриалж байна” гэж онцолсон. Сургалт өнөөдөр үргэлжилж байна.


ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here