Монголын ирээдүй болсон хүүхдүүд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ордонтой боллоо.
Энэхүү төв нь Хятад улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд барьсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгыг Монголын талд /2019-01-25/-ны өдөр хүлээлгэн өглөө.
Ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мин оролцон төвийн түлхүүрийг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзоригт гардуулан өгсөн юм.
“Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэн байгаагийн 11 хувь буюу 11 мянга орчим нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Эдгээр хүүхдийг хөгжих, төлөвших, хүмүүжих нөхцөл бололцоогоор ханган, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахад хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан энэхүү цогцолбор төв том хувь нэмэр оруулна” гэдгийг ХНХ-ын сайд онцолжээ.