Нүүр хуудас Спорт Монголын тамирчид амжилтаараа аваргалсан түүхэн үйл явдал

Монголын тамирчид амжилтаараа аваргалсан түүхэн үйл явдал

151
0

Бодибилдинг фитнессийн ес дэх удаагийн ДАШТ-н Улаанбаатар хотноо 10-р сарын 3-наас 9-ний өдрүүдэд боллоо.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тэмцээнд 40 орны 400 орчим тамирчин нийт 42 ангилалд өрсөлдөж Монгол улсаас нийт 64 тамирчин оролцож, 8 Алт, 9 Мөнгө, 7 хүрэл хүртсэнээс эмэгтэй багийн дүнгээр Монгол улс анх удаагаа алтан цомын эзнээр шалгарав. Монголын тамирчид амжилтаараа аваргалсан түүхэн үйл явдал боллоо.

Эрэгтэйчүүдийн хамгийн өндөр буюу 180 см-ийн төрөлд мөнгөн медаль хүртсэн “River Club”-ийн тамирчин М.Эрхэмбаяртай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

-Юуны өмнө дэлхийн аваргын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн танд баяр хүргэе. Амжилтаасаа хуваалцахгүй юу?
-Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 180 см-аас дээш өндөртэй эрэгтэйчүүдийн төрөлд “River Club”-аа төлөөлж оролцоод мөнгөн медаль, багаараа тэргүүн байр эзэлсэнд баяртай байна.

-Энэ спортоор хичээллээд хэр удаж байна. Амжилт гаргахад мэдээж клуб хамт олны дэмжлэг их байсан байх?
-Тэгэлгүй яахав. Би Бодибилдингээр долоо дахь жилдээ хичээллэж байна. Харин “River Club”-т анх байгуулагдсан цагаас эрчимтэй явж байгаа. Манай клуб тамирчдынхаа амжилт гаргах бүхий л боломж бололцоог бүрдүүлж өгдөг их таатай уур амьсгал, тохилог орчинтой. Энэ завшааныг ашиглан клубынхаа хамт олон, багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Өмнө нь Монголын тамирчид хэр амжилттай оролцож байсан бол?
-Монголчууд сүүлийн жилүүдэд Бодибилдингийн спортод ихээхэн амжилт үзүүлэх болсон. Ер нь 180 см-ийн эрэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн жил анх удаагаа манай найз мөнгөн медаль хүртсэн бол энэ жил би авлаа. Сэтгэгдэл маш өндөр байна.

-“River Club”-аа рекламдвал?
-Манай клуб байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд ажилчид, үйлчлүүлэгчид нэгэн гэр бүл шиг гайхалтай сайхан уур амьсгалыг бүрдүүлж чадсан. Тиймээс үргэлж бие биедээ тусалж, тэмцээн уралдаанд явсан ч бүгд  нэг бүл шиг сэтгэлээрээ ар талд зогсож байдаг. Тэр нь хамгийн сайхан.

Ч.БОЛОРЦЭЦЭГ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ БОЛ БИ ӨӨРӨӨ

Тамирчин Ч.Болорцэцэг мөн тус клубын тамирчин. Тэрбээр уг тэмцээнд 160 см өндөртэй, атлетик төрөлд шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ.

-Жингээ хасах зорилгоор бодибилдинг фитнессээр хичээллэж эхэлсэн хүн Дэлхийн аваргаас шагналт байранд орно гэдэг чамлахааргүй том амжилт гэж бодож байна. Үүнээс өмнө салбартаа амжилт үзүүлж байв уу?
-Тамирчин болчихоод өнөөдрийнх шиг амжилт үзүүлнэ гэж ер бодож байсангүй. Жингээ хасах зорилгоор фитнессээр хичээллэж эхэлсэн. Улмаар энэ спортын амтанд орсон доо. Тэмцээнээс өмнө Улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэнээр Дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан.

-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байв?
-Мэдээж дэлхийн 400 гаруй тамирчин дунд хүчтэй өрсөлдөгчид бий. Гэсэн ч хамгийн хүчтэй өрсөлдөгч бол би өөрөө. Өөрийгөө ялна гэдэг бусдыг ялахаас амаргүй. Өдөр бүр минут секунд бүрт өөртэйгөө тэмцэлдэнэ. Тиймээс энэ удаагийн хамгийн том амжилт бол өөрийгөө ялсан явдал юм.

-Өөрийгөө ялахад хамгийн их дэмжлэг үзүүлсэн гол хүчин зүйл юу байв?
-Юун түрүүнд хаалгаар нь ороод ирэхэд халуун дулаанаар гараа тосон угтдаг “River Club”-ийн минь хамт олон, удирдлагууд байна. Тэдэндээ үргэлж тусалж дэмждэгт баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн энэ спортод хөл тавиулж, өнөөдрийг хүртэл уяатай мэт хамт байж, намайг өдий дайтай “өсгөсөн” багш бас хань Л.Саруулбат болоод ээж, аав, найз нөхдөдөө баярлалаа гэж хэлье.

RIVER CLUB” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.АНАНД:

-Тамирчдыг амжилт гаргахад танай клубын зүгээс хэр анхаарал хандуулдаг вэ?
-Хамгийн түрүүнд тамирчдаа бүрэн бэлтгэлээ базаах таатай орчин, боломжоор хангахын төлөө ажилладаг. Мөн тэднийг өсөж дэвжихэд компанийн зүгээс тодорхой дэмжлэгүүд үзүүлнэ. Улсын болон олон улсын чанартай тэмцээнд амжилт гаргавал мөнгөн урамшуулал, хөнгөлөлт олгох зэргээр бүх таатай боломжуудыг бид тамирчдадаа үзүүлдэг.

-Өмнө нь танай клубын тамирчдаас хэр амжилт үзүүлж байв?
-Сая есдүгээр сарын сүүлчээр болсон УАШТ-нд манай тамирчид маш их амжилт үзүүлсэн. Тухайлбал, Саруулбат алт, Болорцэцэг мөнгө, Эрхмээ маань дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэхүү амжилт үзүүлсэн тамирчид маань сая дэлхийн аваргад оролцсон. Манай тамирчид тасралтгүй амжилт үзүүлж байгаад туйлын их баяртай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here