Нүүр хуудас Улс төр Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

327
0
Боловсролын тухай хуульд нэмэлт
Боловсролын тухай хуульд нэмэлт
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2016.11.30/ хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.

УИХ 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан ч үүнтэй холбоотойгоор хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болоод байна хэмээн тэрбээр хэллээ. Тухайлбал, Дээд     боловсролын тухай хуулийн 11.2-т “Их сургууль, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ” гэсэн заалт хэвээр мөрдөгдөж байгаа боловч нэмэлт өөрчлөлтөөр тус Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлтэй холбогдсон харилцааг Дээд боловсролын тухай хуулиар зохицуулна” гэсэн заалтыг нэмж оруулснаар Удирдах зөвлөлтэй холбогдсон харилцаа нь утга, агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй хоёр хуулийн зохицуулалттай болсон аж.

Боловсролын тухай хуулийн 36.2-т “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51- 60 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна” гэж, Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 111-т “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30 хувь… төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд орох төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно” гэж тус тус заасан нь төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч буюу төр нь төлөөллөөрөө дамжуулж удирдлагаа хэрэгжүүлэх зарчим алдагджээ.

Боловсролын тухай хуулийн 28.1.12 дахь заалтаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн өмчит их дээд сургууль, коллежийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлдөг байсан зохицуулалтыг хүчингүй болгосон нь мөн хуулийн 36.12-т “Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно” заасан нөхцөл байдал бий болоход тухайн захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг ямар албан тушаалтан хэрэгжүүлэх нь тодорхойгүй болсон гэж сайд Ж.Мөнхбат танилцууллаа.

Түүнчлэн Дээд боловсролын тухай хуулийн зохицуулалтаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг Боловсролын тухай хуульд заасан 51- 60 хувь байснаас 21-30 хувиар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө ашиглах, хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх, үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.

Иймд дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах, дээд боловсролын байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох зорилгоор Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Гантулга нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Дараа нь “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцууллаа.

Тэрбээр, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулна.”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох …” гэж тус тус заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталж ирсэн.

Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан билээ.

Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” 12 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тул дээрх хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, Засгийн газрыг төлөөлсөн төрийн захиргааны төв байгууллагын нэрийг өөрчлөх шаардлагатай байна гэлээ.

Тогтоолын төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 50 дугаар тогтоолын 1-д заасан “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын” гэснийг “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын” гэж, “Хууль зүйн” гэснийг “Хууль зүй, дотоод хэргийн” гэж тус тус өөрчлөхөөр, 2 дугаар зүйлд тогтоолыг дагаж мөрдөх хугацааг заах юм байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь олон мянган даатгуулагчийн эрх ашгийг хөндсөн, цаг үөийн олон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэдэг бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар Үндэсний зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдэнэ хэмээн сайд Н.Номтойбаяр тайлбарласан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар тогтов

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооноос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн  хэрэгжилт, тулгамдсан асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн бүх дүүрэг, Дархан-Уул аймагт ажиллажээ.

Ажлын хэсгээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг тогтоолын төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан.

Ажлын хэсгээс Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он”-ийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих ”Тусгай хэрэгцээт сан” байгуулах талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар, санал боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг чиглэл болгосон байна.

Түүнчлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, холбогдох байгууллага, албан тушаалтан хамтран сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрогт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэн оношлоход шаардагдах тусгай оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах, тусгай хэрэгцээт сургуульд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчийн цалингийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох, тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусны тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүд сэтгэл санааны хүнд дарамтанд амьдардагаас гадна, ажил хийж чадахгүй, орлого олох боломж хомс байдаг гээд ийм эцэг эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлөхөөс гадна асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Байнгын хорооны тогтоол гарахаар хэрэгжүүлэх мөнгө нь төсөвт суугаагүй гэсэн шалтгаанаар хэрэгжихгүй өнгөрөх тал байдаг хэмээгээд УИХ-ын тогтоолын төсөл болгон боловсруулан батлуулах нь зүйтэй гэж хэлсэн.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх саналыг дэмжсэн бөгөөд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газраас санал авахаар хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here