Нүүр хуудас Улс төр У.Хүрэлсүх: Монгол Улсын нэг сая орчим иргэн баталгаагүй ус ундандаа хэрэглэж байна

У.Хүрэлсүх: Монгол Улсын нэг сая орчим иргэн баталгаагүй ус ундандаа хэрэглэж байна

302
0
Hurelsuh
“Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийв.
~У.Хүрэлсүх: Монгол Улсын нэг сая орчим иргэн баталгаагүй ус ундандаа хэрэглэж байна~

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийв.

Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд 608.3 сая шоо дөрвөлжин метр ус бүрэлдэн бий болдог байна. Усны нөөцийн 34.6 сая шоо дөрвөлжин метр нь гол мөрний, 500 сая нь нуурын, 32.9 сая нь мөнх цаст оргил, мөсөн голынх, 10.8 сая шоо дөрвөлжин метрийг газрын доорх ус эзэлдэг. Харин манай улс жилд 500 сая шоо дөрвөлжин метр ус ашигладаг бөгөөд үүний 80 хувийг газрын гүний, 20 хувийг гадаргын ус эзэлдэг аж. Тухайлбал, хүн амын унданд 79.8 сая, хөдөө аж ахуйд 264.7 сая, уул уурхайд 81.1 сая, үйлдвэрлэл, барилгад 8.9 сая, цахилгаан станциуд 44.7 сая шоо дөрвөлжин метр ус ашигладаг байна. Түүнчлэн дэлхийн хэмжээнд нэг хүн хоногт 100-105 литр ус ашигладаг байна.

Харин манай улсын орон сууцанд амьдардаг нэг иргэн өдөрт 160-200 литр буюу дэлхийн дунджаас хоёр дахин их ус хэрэглэдэг байна. Харин гэр хорооллын иргэд хоногт 8-10 литр ус ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Цаашдаа хүн амын тоо өсч, үйлдвэрлэл, бизнзес өргөжин хөгжихийн хирээр усны хэрэглээ улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Тиймээс Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулсан усны нөөцийг нэмэгдүүлэх, Ус бохирдуулсны төлбөрийн тухай болон түүнийг дагалдан гарах дүрэм, журмыг яаралтай батлах, Туул, Орхон голыг цэвэрлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн Эг, Орхон, Туул голд усан цогцолбор байгуулах, уул уурхайг дагалдан бий болж буй суурин газруудын хангамжид газаргын ус ашиглах, “Ус” үндэсний хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх, усны салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, газрын доорх усны нөөцийг төрийн мэдэлд авах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөснийг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурьдав.

Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Хүн амьд явах эрхтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”болохыг тунхагласан. Энэ чухал эрхийг хангах нэг чухал үндэс бол ус билээ.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд 2020 он гэхэд хүн амынхаа 80 хувийг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны усаар хангах зорилт тавьсан. Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн бодлогыг хэрэгжүүлснээр Монголын хөрсөнд ургасан эрүүл, аюулгүй хүнсний ногоо, буудай, жимс жимсгэнээр хүн ардаа хангана.

Мөн мал аж ахуйг таваарлаг болгох үндсийн үндэс бол усалгаатай газар тариалан, бэлчээр, хадлан, малын тэжээлийн усалгааг шийдсэнээр хангаж чадна гэж үзэж байна.

Олон улсын холбогдох байгууллагуудын сүүлийн үеийн судалгаагаар дэлхий нийтийн 7.6 тэрбум хүн амын 8.7 хувь буюу 660 сая гаруй хүн баталгаатай цэвэр усны хүрэлцээгүй, усан хангамжийн дутагдалтай нөхцөлд амьдарч байна.

Монгол Улсын хувьд баталгаатай цэвэр усаар хангагдсан хүн амын эзлэх хувь 2015 оны байдлаар 65 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл манай улсын нэг сая орчим хүн баталгаагүй, ил задгай болон зөөврийн усыг ундандаа хэрэглэсээр байна.

Энэ нь иргэдийн маань эрүүл мэнд тодорхой хэмжээнд өвчлөлд өртөх эрсдэлтэй байна гэсэн үг юм. Монголын усны салбар 1938 оноос эхлэн усалгаатай газар тариалан, бэлчээрийн ба төв суурингийн ус хангамж, бохир ус татан зайлуулах томоохон дэд бүтцийг байгуулж чадсан. 1990 он гэхэд 40 мянга гаруй худаг уст цэг гаргаж, 90 мянган га талбайг услах инженерийн хийцтэй 157 услалтын систем байгуулж байсан.

Тухайн үед Монгол Улс нийт 22 сая толгой малтай байхад бэлчээрийн 60 хувийг усжуулж байжээ. 2017 оны байдлаар мал сүргийн тоо толгой 66 саяд хүрч, жилд 115 сая метр куб ус хэрэглэж байгаа боловч бэлчээр усжуулалт дөнгөж 40 орчим хувьтай байна.

Бэлчээрийн доройтол, малын тоо толгойн хэт өсөлт болон усан хангамжийн дутагдал зэргээс шалтгаалан мал сүргийн таваарлаг чанар муудаж, мал давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байна. Өнгөрсөн жилүүдэд төрөөс усны талаар баримтлах бодлого олон баримт бичиг боловсруулан гаргасан.

Тухайлбал усны бодлоготой холбоотой 22 хууль, 20 гаруй тогтоол, Засгийн газрын 20 гаруй шийдвэр, 30 гаруй дүрэм журам хэрэгжиж байгаа. Бэлчээрийн доройтол, малын тоо толгойн хэт өсөлт болон усан хангамжийн дутагдал зэргээс шалтгаалан мал сүргийн таваарлаг чанар муудаж, мал давжаарч байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байгаа. Тиймээс гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх зайшгүй шаардлагатай байна” гэлээ

Мэдээллийн дараа УИХ дахь АН-ын бүлгээс дүгнэлтээ танилцууллаа. Усыг шавхагдашгүй мэтээр хандсаар ирсэн монголчууд одоо хэрэглэснийхээ хэрээр төлдөг системд шилжих цаг болсон гэдгийг дүгнэлтэдээ дурьдсан байна. Мөн “Ус” үндэсний хөтөлбөр, “Хатан Туул” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, ундны болон ахуйн усны үнэ тарифын асуудалд анхаарах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг саналыг Засгийн газарт хүргүүлэв.

Нийслэлийн усан хангамжийг сайжруулах ажлыг нарийн төлөвлөх, Туул, Тэрэлж, Хүй долоон худаг зэрэг газрын доорх усны нөөцтэй газруудад аливаа тусгай зөвшөөрөл олгохгүй байх, алс хэтийн хүн амын усны хэрэглээний тооцооллыг хийхэд анхаарч ажиллах шаардлагатай зэрэг санал гаргав.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “21 дүгээр зуунд ус алтнаас үнэтэй болж байна. Сингапур улс Малайзаас ус худалдан авч байна. БНХАУ ОХУ-аас ус худалдаж авах тухай хэлэлцээр хийж байгаа. Монгол оронд сүүлийн 10 гаруй жилийн дотор 1500 гаруй гол, горхи ширгэсэн гэсэн судалгаа бий.

Улаанбаатар хот 10 жилийн дараа ундны усны хомсдолд орно гэдгийг судлаачид хэлэх болсон. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд жил бүр ихээхэн хөрөнгө төсөвлөдөг. Цэвэрлэх байгууламж барих замаар цэвэршүүлсэн усаа дахин ашиглах боломжууд олон бий. Гадаад орнуудын зээлээр олон төсөл хэрэгжүүлж байгаа.

Энэ олон төсөл улсын төсөвт томоохон дарамт болдог. Тиймээс гадны бус дотоодын компаниуд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх боломжийг бүрдүүлэх чиглэлд Засгийн газар хэр анхаарч байна вэ” хэмээв. Мөн тэрбээр “Хэрлэн говь”, “Орхон говь” төслийн хэрэгжилтийн явцыг тодруулав.

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Дэлхийн дулаарал, хөдөө аж ахуйн салбар, уул уурхайгаас үүдэлтэйгээр Монгол Улсад усны хомсдол үүсч байгаа. “Хэрлэн говь”, “Орхон говь” төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд хил залгаа улс орнуудтай хэлэлцээ байгуулах ажил үргэлжилж байна” хэмээн хариулав.

Мөн БХБ-ын сайд Х.Баделхан, “Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 15 жил яригдсан. Өнгөрсөн хугацаанд Азийн хөгжлийн банк, Италийн хөрөнгө оруулалтаар хэсэгчилсэн шинэчлэл хийж байсан. Засгийн газраас БНХАУ-ын Экзим банкны 350 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хийхээр болсон. Одоо БНХАУ-аас бүтээн байгуулалт хийх компанийг сонгон шалгаруулна. Мөн аймгуудын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил үргэлжилж байна.

Азийн хөгжлийн банкны тусламжаар 10 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. Энэ ажилд дотоодын аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулахад анхаарч байна” гэлээ.

Мөн З.Нарантуяа гишүүн, “Суурин газруудын дундуур урсч буй голуудын усны судалгааг нарийвчлан гаргах хэрэгтэй. Эдгээр гол бохирдсоноос үүдэн иргэдийн дунд халдварт өвчин гарах нь их байна” гэлээ.
Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here