Нүүр хуудас Спорт Хорин зургаан настай шинэхэн Хөдөлмөрийн баатар мэндэллээ

Хорин зургаан настай шинэхэн Хөдөлмөрийн баатар мэндэллээ

319
0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв.

Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн ойг тус тус тохиолдуулан Олимпийн төрлийн спорт болох жудо бөхийн спортоор гарамгай амжилт гаргаж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгаж эх оронч үзлийг залуу үед үлгэрлэсэн гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж, жудо бөхийн төрлөөр 2016 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпийн ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний 3 удаагийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатрын одонгоор шагнасугай” гэсэн байна.

Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдөр монголчуудын хувьд сайхан, баяртай мэдээтэй өдөр байна. Жудо бөхийн төрлөөр амжилт гаргасан тамирчдаа шагналаа. Шагнал гардуулах өдөр тэмцээнтэй байсан учраас өнөөдөр гардуулж байгаа юм. Сая шагнал гардуулсан өдөр Абу Дабид болсон Их дуулга тэмцээнд энэ хоёр тамирчин маань алтан медаль авч төрийнхөө одон, медалийг мялаасан юм.

Д.Сумъяа 26-хан настай, энэ насандаа ахадмаар одон медаль, тэмцээн уралдааны шагналууд хүртсэн. Энэ амжилтыг нь Монгол Улсын төр үнэлж байна. Энэ амжилт маш олон өсвөр залуу үеийнхэн, хүүхдүүдэд эх оронч үзэл суулгахад жинтэй үлгэр болох юм. Эх оронч үзлийг дэлгэрүүлж байгаад нь Д.Сумъяагаа давхар урамшуулж байгаа юм шүү” хэмээн хэлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here