Нүүр хуудас Танд тустай Амжилттай бизнес санхүү бүртгэлийн цэгцээс эхэлнэ…

Амжилттай бизнес санхүү бүртгэлийн цэгцээс эхэлнэ…

229
0
business
Амжилттай бизнес санхүү бүртгэлийн цэгцээс эхэлнэ...

       Таны бизнес хөгжлийнхөө аль шатанд яваагаас үл хамаарч үр ашиг бий болгодог, үнэ цэнэ бүтээдэг байх шаардлага тулгарах нь зайлшгүй.

Өнөөдөр биш гэхэд ойрын хугацаанд та бизнесээсээ цэвэр ашиг хүртэж эхлэхгүй юм бол цаг зав, хүч хөдөлмөрөө зориулсан таны зүтгэл талаар болно.

Бизнес эзэндээ зохих хэмжээнд цэвэр ашиг хуваарилахын зэрэгцээ өөрөө урт хугацаанд тогтвортой өсөн тэлж чадах систем болж хөгжсөн байх нь жижиг дунд бизнес эрхлэгч бүхний хүсэл, зорилго байдаг.

Таны бизнес үр ашигтай байна уу, энэ жилийн, мөн өнгөрсөн жилийн цэвэр ашиг тань хэд байсан бэ? Борлуулалтын хэдэн хувийг, түүнчлэн цэвэр ашгийн хэдэн хувийг аль бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээдэг вэ? Борлуулалтын ажилтан бүрийн бизнестээ бий болгож буй өгөөж, тэдний бүтээмжийг тодорхой хэмжин дүгнэдэг үү? Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг, нэгж бүтээгдэхүүнд ногдох тогтмол зардал, хугарлын цэг, тухайн бүтээгдэхүүний үнэ бүрдэлт буюу үнэ тогтоолт, хямдрал зарлаж чадах хувь хэмжээ тодорхойлогдсон уу?

Та энэ жил бизнестээ хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болон хэдийг татан авсан бэ, эсвэл эзний мөнгө ба бизнесийн мөнгө “нэг түрийвчинд” хамт байдаг уу? Эдгээр асуултад тодорхой хариултууд бэлэн биш байгаа бол танай бизнесийн санхүү бүртгэл, тайлагнал тун цэгцгүй яваа. Ийм нөхцөлд дараах сөрөг үр дагавар бий болох нь нийтлэг байдаг байна.

Жижиг дунд бизнесийг тогтвортой урагшлуулахад шаардлагатай нөөцүүдээс эхний эгнээнд ажиллах боловсон хүчин бичигдэнэ. Түлхүүр ажилтныг тогтоон барих эхний хөшүүрэг бол цалингийн хэмжээ. Ямар ч бизнес өөрийн нөөц бололцооны хэмжээнд л цалингийн зардал гаргаж чадах болов ч бизнесийн бүртгэл, тайлан цэгцгүй бол тухайн нөөц бололцоо нь яг хэд гэдэг нь мэдэгдэхгүй. Иймд ажилчиддаа өрсөлдөхүйц буюу өөр тийш явчихгүй хэмжээнд цалин урамшуулал өгч хэвшсэн байдаг.

Бизнест тулгардаг хамгийн том сорилтын нэг бол өрсөлдөөн. Таны тогтоох дээд үнэ гол өрсөлдөгч нар бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хэдээр тогтоож буйгаар хязгаарлагдана. Ямар ч бүтээгдэхүүн үйлчилгээ өөрийн бий болсон өртөг, өөрт ногдох тогмол зардал, борлуулалттай уялдан бий болох татварууд, компанид очих ёстой цэвэр ашиг эдгээрийг өөртөө шингээсэн үнээр худалдагдах ёстой ба хамгийн багадаа хугарлын цэгтээ буюу өртөг, зардлаа шингээсэн, ашиг хийж эхлэх цэгтээ ногдох тоо хэмжээгээр зарагдах боломжтой байх шаардлагатай. Гэвч цэгцтэй бүртгэл, тайлангүйгээр эдгээр тоон үзүүлэлтүүд тодорхойлогдохгүй учир ямар ч байсан урагшлах зарчмаар үнэ тогтоож хэвшсэн байдаг.

Харилцагч бол хаан гэдэг хандлага хэдий бүдгэрсэн ч харилцагч байхгүй бол бизнес байхгүй. Харилцагчид таныг, танай бүтээгдэхүүн үйлчилгээ орлуулах сонголт байх нь дийлэнх. Энэ хүчээ ашиглан харилцагч өөрийн хүссэн үнийг төлөхийг шаардана. Хэрэв бизнес “үүдээ барьж”, үлдэгдэл бараа бүтээгдэхүүнээ бөөндөөд, тухайн бизнесээс бүрэн гарах гэж байгаа биш л бол зөвшөөрч чадах хамгийн доод үнэтэй. Хичнээн чухал харилцагч байсан ч түүнд өгч чадах доод үнэ дээр л тохиролцохгүй бол, харилцан ашигтай хувилбар биш л бол заавал алдагдал үүрэх албагүй. Гэхдээ хэрэв цэгцтэй бүртгэл, тайлан байхгүй бол бизнесийн гүйцэтгэлдээ дүгнэлт хийж чадахгүй, улмаар харилцагчид үзүүлж чадах, зөвшөөрч болох хамгийн доод үнэ хэд гэдэг нь тодорхойгүй. Иймд хямдрах шаардлага тулгарахад ихэвчлэн тухайн бизнесийн эзэн нь харилцагчтай үнэ тохиролцон, өөр тийш явахаас сэргийлсэн, харилцагч хэвээр нь хадгалсан үнэ тогтоохоос аргагүй болдог.

Таны борлуулах бүтээгдэхүүн харилцагчийн гарт хүртлээ өөртөө өртөг болон зардлыг шингээж байдаг. Харин ихэнх бизнест борлуулсан бүтээгдэхүүний өртөг, тодруулбал шууд материал, шууд хөдөлмөр болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлаа харж үнээ тогтоох байдал нийтлэг. Гэтэл бизнес явсан, зогсож байсан аль ч тохиолдолд бүх тогтмол зардлууд, тухайлбал түрээсийн төлбөр, тогтмол цалин, ашиглалт болон интернет шуудан холбоо гэх мэт зардлууд төлөгддөг, эсвэл төлөгдөхөөр өгөг үүсгэдэг тул тэр хэмжээгээр алдагдал үүсч, хуримтлагддаг.

Жижиг дунд бизнес эрхлэгч өөртөө хэтэрхий их ачааг үүрүүлдэг. Ажилчиддаа цалинг нь таслалгүй тавьж олгох, түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлж байх, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарийг зөрчихгүй байх, мөн аливаа татвар, суутган, шимтгэлийг барагдуулж байх гэх мэт. Өөрийнхөө хүслээр, өөрийнхөө төлөө жижиг дунд бизнесээ эрхлэн, баялаг бүтээхээр зүтгэсээр нэг мэдэхэд бусдын төлөө, танд зээл олгосон байгууллагад, түрээслүүлэгч буюу ажлын байрны эзэнд гэх мэт бусдын олох орлогыг бүрдүүлэгч болсон байх нь мөн л цэгцгүй бүртгэл, тайлангаас шалтгаалж байна.

Банкнаас хүссэн хэмжээний зээл авах боломж бага. Та бизнесээ хэрхэн явагддаг, ямар ашиг бүтээдэг, цаашид зээл авч эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, үндсэн хөрөнгө худалдан авах нь яагаад үр дүнтэй болохыг, та зээл аваад зээлийн төлбөрөө төлж барагдуулж чадахаа банкны өмнө батлах шаардлагатай тулгардаг. Гэвч цэгцтэй бүртгэл, тайлан байхгүй бол банк, банкны ажилтанд та итгэл төрүүлж чадахгүй.
Ажилтан, бизнесийн эзэн мөн харилцагч бүгд чухал, үнэ цэнэтэй. Гэхдээ бизнесийг доголдуулах хэмжээнд чухалчлах бус бизнесийн тогтвортой байдлыг хангах хэмжээнд чухалчлах буюу эрх ашгийн харилцан тэнцвэрийг бизнестээ бий болгох шаардлагатай юм байна. Өөрөөр хэлбэл, эрх ашгийн хамгийн эхэнд бизнес өөрөө байх ёстой. Харилцагчид өгч чадах хамгийн хямд үнэ, ажилтанд олгож болох цалингийн дээд хэмжээ, бизнесийн эзэнд ногдох мөнгөний хязгаарыг тогтоох гол үндэслэл нь таны бизнесийн үнэн зөв, бодит тайлан байх бөгөөд уг тайлан нь цэгцтэй бүртгэлээс бий болно.

Та бизнесийн санхүү бүртгэлээ цэгцлэхэд туслах дараах алхмуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

Алхам 1. Бэлэн төлбөр тооцоог халж бэлэн бус төлбөр тооцоонд шилжих. Ингэснээр та цаг тухайд нь бизнесийн бүртгэлээ хөтөлж амжихгүй ч оройдоо, эсвэл 7 хоногийн эцэст нөхөж хөтлөхдөө ашиглах мэдээллийн эх үүсвэр бий болгоно. Хэрэгжүүлэхэд амаргүй ч их үр дүнтэй. Цахим төлбөр тооцооны шийдлүүдийг илүү их ашиглаарай. Мөн энэ шатанд хэвшүүлэх нэг чухал зүйл бол баримт бүрдүүлэх. Таны бизнесээс гарах, мөн таны бизнес рүү орж ирэх бүхий л хөрөнгийн хөдөлгөөнийг ямар нэг байдлаар баримтжуулж эхэл. Хөрөнгө гэдэгт мөнгө, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материал бүгд орно. Хөрөнгийн хөдөлгөөн гарсан бол тэр бүхэнд баримт үйлдэж, баримтаа цэгцтэй хадгалах нь зөвхөн хяналт тавихад бус бизнесээ улам өргөжүүлэхэд хэрэг болно. Тухайлбал банкнаас зээл авахад үзүүлэх биет баримт материал болж ашиглагдана.

Алхам 2. Эзний мөнгө, бизнесийн мөнгө нэг түрийвчинд явдаг бол салга. Та хэдий бизнесийн эзэн ч бизнес бол зөвхөн та биш. Ажилтан, харилцагч, хөрөнгө оруулагч, бүтээгдэхүүн үйлчилгээ болон таны бизнес загвар зэрэг бүгд нийлж таны бизнес бүрддэг. Иймд бусдын эрх ашгийг хүндэтгэж хувийн санхүүгээ бизнесийнхээсээ салгана уу.

Алхам 3. Бүртгэлээ хөтлө, хэмж. Жижиг дунд бизнес эрхлэгч бүхэн санхүүгийн мэргэжил, мэдлэгтэй биш, тийм байх албагүй. Гэвч бизнесийн санхүү бүртгэлээ хөтлөх, хэмжих, дүгнэх нь амжилт, ололтоо хэмжих боломжийг олгоно. Иймд бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан, гүйцэтгэлээ дүгнэж эхлээрэй. Ингэхдээ мэдээллийн технологийн хөгжил дэвшил, нэгэнт бий болсон ололт бүтээгдэхүүнийг ашиглавал илүү үр дүнтэй.

Таны бизнест амжилт хүсье

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here