Нүүр хуудас Эдийн засаг БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр: АН-ын үнэт зүйл бол монгол хүний эрх чөлөө

БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр: АН-ын үнэт зүйл бол монгол хүний эрх чөлөө

300
0
gantomor
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцав.

-Ардчилсан нам таны бодлоор хэр шинэчлэгдэж байна гэж үзэж байна вэ?

-Намд итгэхээ больчихсон байна, өнөөдөр нийгэм. Энэ уул нь их буруу юм. Ийм нөхцөлд АН шинээр залуучуудыг дэмжиж олноор нь оруулж ирдэг нь сайн. Гэхдээ залуучуудаа нийгэмд таниулаад, ойлгуулаад тэр улсууд нь бас өөрийн гэсэн үзэл бодолтой, юу хийх гэж байгаагаа мэддэг, ядаж гишүүн болъё гэж байгаа бол гишүүн болоод юу хийхээ мэддэг байх хэрэгтэй. УИХ-ын гишүүн хууль баталдаг, хуулийг судалдаг, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг хүн шүү дээ.

Надад ийм гуравхан эрх байна гэдгээ сайн ойлгох ёстой. Тэгэхгүй юм болгонд оролцоод энэ салбар муухай байна, тэнд ч хүний ажил муухай байна гээд хүний урдуур орж мөнгө дээрэмдээд, булаацалдаад, албан тушаал горилоод байж болохгүй шүү дээ. Түүний төлөө бол залуу хөгшний ялгаа юу байхав. Хулгай хийхэд нас хамаа байхгүй шүү дээ. Залуу хүний онцлог бол суралцдаг давуу талтай. Эртхэн залуучуудаа сургаад авчихвал зүгээр. Тэр улсууд чинь намын бодлого боловсруулах зорилготой юм бол бодлого боловсруулах ажилд сурга. Тэр улсууд чинь их хуралд дэвших сонирхолтой юм бол дэвшүүл, бэлд л дээ. Хэнийг ч танихгүй залуучуудыг сонгууль болохоор дэвшүүлээд намын нэрээр ялна гэж байхгүй. Энэ ард түмэн ямар нэг бодолтой хүнийг л сонгоно. Одоо бүр намд итгэхээ больчихсон.

-Ардчилсан намд лидер хэр олон байдаг вэ?

-Байгаа шүү дээ, лидер бол зөндөө байгаа.

-Ардчилсан намын хүний нөөцийн бодлого өнөөдөр ямар түвшинд байна?

-Хүний нөөц нь их тодорхой болох ёстой. Тэгээд харамсалтай нь яг яаж хийгээд байгаа нь сайн мэдэгдэхгүй байна. АН залуучуудаа дэмжиж байгаа. Надад бол энэ нь таалагдаж байгаа зөв. Залуучууд дотор ажилсаг, юм бүтээж чаддаг, юмны ард гарч чаддаг хүмүүстэй намынхаа үнэт зүйлийг тэр залуучуудынхаа биенд шингээх ажлыг хийх ёстой. Үнэт зүйлгүй зүгээр ингээд зам барина, сургууль барина, цэцэрлэг барина гэсэн улсуудаа Монголын улс төр ялангуяа АН үүрч болохгүй шүү дээ. Тэр улсууд үнэт зүйлээ тээгээд энэ намыг цаашаа авч явах ёстой. Тэгэхгүй бол ченж маягийн сэтгэлгээтэй, нэг албан тушаал аваад амьдралаа залгуулчихъя гэсэн тийм бодолтой залуус оруулж ирээд байвал хөгшнөөсөө долоон дор байхгүй юу.

-Хуучин АН-ын ҮЗХ-ны гишүүд 218 байсан. Одоо ҮБХ гээд 418 гишүүнтэй болсон. Ямар хүмүүс орж ирсэн бэ?

-Намын ажилд оролцъё гэсэн хүний тоо нэмэгдэж, гишүүдийн оролцоог хангаж байгаа нь сайн. Асуудал нь тэнд байгаа хүмүүст биш тэнд яаж сонгогдож орж ирж байгааг бас сайн бодох л ёстой. Тоог нэмж болно гол нь чанарт анхаарах хэрэгтэй. Энэ нэмэгдэж орсон залуучууд одоо л өөрсдийгөө нээгээд харуулаад өгөх хэрэгтэй.

-Та ҮБХ-ны гишүүндээ байгаа юу?

-Сүхбаатар дүүргийн ҮБХ-ны гишүүн хэвээрээ байгаа.

-Намын үнэт зүйл нь яг юу юм бэ?

-АН-ын үнэт зүйл бол монгол хүний эрх чөлөө шүү дээ. Өөр юу байх юм. Монголчуудаа л эрх чөлөөтэй байлгахын төлөө. Тодруулбал бизнес хийж байгаа хүн рүү халдаж байна уу, үгүй юу. Арын хаалгаар хүний эрхэнд халдаад, урдуур нь ороод жижиг дундын зээл авч байгаа шиг зүйл байна уу гэх мэт. Жишээлбэл хийж чадаж байгаа хүний урдуур ороод тендер булаадаг ч юм уу, эсвэл арай хийж нэг худалдаа хийж байхад нь тэрийг нь очоод хаадаг байдлаар монголчуудын эрх чөлөөнд халдахыг л АН эсэргүүцдэг угаасаа тэрэнтэй л дайн зарлах нам байхгүй юу. АН-ын үндэслэл бол монгол хүний эрх, эрх чөлөө. Тэгээд дээр нь мэдээж хэрэг энэрэнгүй нийгэм байгуулах нь бидний зорилго.

-Ардчилсан нам фракцгүй болж чадсан уу?

-Мэдэхгүй ээ, болсон л гэсэн шүү дээ.(инээв)

-Та намынхаа үйл ажиллагаанд ер нь оролцож байгаа юу?

-Дуудахаар нь очдог юм. Тэгээд дуудах нь өдрөөс өдөрт цөөрөөд л байгаа. Овоо дууддаг байсан сүүлдээ сураг алдраад байгаа.

-Нэг хэсэг АН-ын 70-аад оны залуус УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Тэд хаана явна вэ?

-Ямар ч байсан ордонд бол алга. Гэртээ бол байгаа. Бид чинь өөрөө орон зайтай, өөрийн хамт олонтой. Хүлээн зөвшөөрөгдсөн найз нөхөдтэй хэлдэг, ярьдаг хүмүүстэй. Залхуураад гэртээ хэвтэхээсээ өнгөрсөн залуус. Дор бүрнээ ажил хийхийн төлөө явж байгаа. М.Батчимэг судалгааны төв байгуулаад судалгаа хийж байна, маш мундаг залуучууд цуглуулчихсан. Х. Тэмүүжин бас ялгаа байхгүй, хуулийнхаа судалгаан дээр суугаад, сургуульдаа багшлаад явж байна. Их сургуулийн багш. Би энэ боловсролын салбараасаа салахгүй бас л хүүхдийн хүмүүжилтэй холбоотой ажил хийгээд сургуульд зөвлөх хийж байна. Хамгийн сүүлд гэхэд Монгол дахь хөгжлийн тухай сэдвээр Японд симпозимд оролцоод санал бодлоо хэлээд ирлээ. Саяхан гэхэд Багшийн сургуульд хэрхэн хүн суралцдаг сэдвээр лекц уншсан. Мөн эмийн ургамал тариалаад, шинжлэх ухаанд нэг ч гэсэн нэмэр болчих юмсан гээд эмийн ургамлыг эм бэлдмэл хийх судалгааг найз нөхөдтэйгээ хамтран чадан ядан хийх гээд зүтгэж байна. Тэгээд ном их уншиж байна.

-Тэгэхээр яриагаа жаахан өөрчлөөд улс төр рүү оръё гэж бодож байна. Өнөөдрийн улс төрийн нөхцөл ямар шат руугаа орчихов?

-Парламентын давуу тал бол ерөөсөө мэтгэлцээн. Өнөөдрийн парламент гэтэл мэтгэлцээнгүй, сөрөг хүчингүй. Сөрөг хүчингүй парламент бол парламент биш л дээ. Сайн муугаа ярихаа больчихож байгаа юм. Тэгээд нэг өрөөнд ороод зодно шүү гэдэг юм яриад эхэлж байгаа биз дээ. Тийм байдалд орчихсон.

-Сөрөг хүчингүй байхын гол хор уршиг нь юу байх вэ?

-Дарангуйлал. ЖДҮ-ийн зээл шиг. Сөрөг хүчин чинь ажил хийлгэдэг гайхамшигтай байхгүй юу. Сөрөг хүчнээсээ болгоомжилж ажил хийж байгаа шүү дээ яг үнэндээ бол. Нөгөөдүүл нь муу хэлчих вий, шүүмжилчих вий, загначих вий гээд. Одоо манай энэ парламент загнадаг хүн байхгүй. АН-ын есөн гишүүн юу болох вэ дээ. Ардаа тойрогтой ажилтай тэд чинь амжихгүй шүү дээ. Тийм учраас ерөөсөө парламент бол ард түмэн сонгууль өгөхдөө заавал сөрөг хүчнийг тэнцвэржүүлж гаргаж өгдөг тийм юм руу л цаашдаа чиглэх ёстой.

-УИХ-ын гишүүдийн ёс зүйг өнөөдөр та ямар түвшинд байна гэж бодож байна. ЖДҮ-ийн талаар таны байр суурь?

-Энэ бол сөрөг хүчингүй парламентын гай. Хяналтгүй, парламент болохоор дураараа дургиж эхэлцгээдэг. Ёс суртахуун гэдэг чинь дахиад нөгөө хийж байгаа ажилдаа хэр үнэнч хүн бэ гэдгээс л харагддаг байхгүй юу. Ажилдаа үнэнч биш учраас хулгай хийж байгаа. Ёс суртахууныг нь би дахиад хэлж байгаа шүү дээ. Тэр хүн гэртээ хариад хэрүүлээ хийдэг үү, компани дээрээ очоод ажилчдаа загнадаг уу, хүнээс мөнгө харамладаг, өглөгч байна уу биш. Ерөөсөө л хийж байгаа ажилдаа хэр зэрэг үнэнч юм бэ гэдгээс л. Энэ хүмүүс бол их хурлын гишүүн гэдэг тэр ажилд ямар ч сэтгэлгүй байхгүй юу. Ичнэ биз дээ. Сөрөг хүчингүй парламент дарангуйллын засаглал гэдэг чинь ийм аюултай юм байна гэдгийг л би харж байгаа юм л даа. Сөрөг хүчингүй парламент ингэж байгаа юм чинь Ерөнхийлөгчийн засаглал руу шилжчихвэл бүр хуйгаар нь иддэг гэдэг нь тодорхой болж харагдаж байгаа. Юм үлдээхгүй юм байна. Чойжоо барилгаа бариад зарах нь Чойжоогийн асуудал. Улаан цайм бусад хүмүүс 30 хувийн зээл авч байхад өөрсдөө гурван хувийн зээл авна гэдэг бол ялзрал байхгүй юу.

-Тэгэхээр яаж энэ ялзарлаас гарах вэ?

-Одоо бол бид бидний хамгийн түрүүнд хийх ажил бол улс төрийн намын хуулийг шинэчлээд, улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгож, гишүүдийнх нь нэрийг ил тод болгоод, хэдэн гишүүнтэй, хэн гэдэг гишүүн нь байх юм, сонгуулийг шударга болгох. Алив маргааныг нь шүүхээр шийддэг болгох. Нам доторх маргааныг шүүх шийдэхгүй ээ, бидэнд хамаагүй гэхээр төр чинь яах гэж бий болсон юм, тийм биз дээ. Хүмүүсийг муу хүнээс хамгаалахын тулд бий болсон. Тэгэхээр намууд муу хүмүүсийн гар руу л шилжиж байгаа. Хэн дээрэлхэж чадна, хэн зохион байгуулалттай гэмт хэрэг, хамгийн бузар булайг хийж чадна, тэр хүмүүс рүү нам бол аандаа шилжээд явчихна. Тэгэхээр намаар дамжаад дараа нь төр түмэн хариуцлагагүй хулгайчдаар дүүрч байгаа.

-Намаар дамжихгүйгээр төрд орох ямар ч боломж байхгүй. Дан бие даагчид гарч ирэх юм уу? Бие даагчид юу ч хийж чадахгүй шүү дээ.

-Ер нь сонгуулиар хүн гарч ирдэг нь хамгийн зөв. Ардын хүүхдүүдийг тэгж л тодруулна. Өөрөөр оруулж ирэх боломжгүй. Хоёрдугаарт сонгуулиар улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхөд хамгийн зөв. Яагаад гэвэл энэ чинь олуулаа нийлж бодлого гаргана. Нэг хүний бодлоор явчихаар л юм явагддаггүй. Олуулаа зөвлөлдөх ёстой. Тэгэхээр одоо бол ерөөсөө энэ сайн парламенттай болъё л гэдэг юм руугаа л бид явах ёстой. Сайн парламенттай болохын тулд намууд нь зөв хүмүүсийг дэвшүүлж, ядаж гишүүнийхээ ажилд дуртай хүмүүсийг сонгох. Ядаж л нэг тийм ажилдаа амин голоосоо дуртай, хурал дээрээ суудаг, ирц нь бүрддэг парламент байх ёстой.

Буруу юм их хийж байгаа учраас улс төрчдийн нэр хүнд унаж байна гэж үзэж болох уу?

-Болно. Нэг талаасаа улсаа хөгжүүлнэ гээд худлаа ярьсаар байгаад хүмүүс энэ дарга нараас хамааралтайгаар улс хөгжих юм байна гээд ойлгосон нь буруу. Ерөөсөө ард түмнээс л хамаарна улсын хөгжил гэдэг чинь. Энэ ард түмэн юу хийж чадаж байна тэгж л амьдарна. Бидний өмнөөс нэг хужаа ажил хийж өгөхгүй. Урьд барилга барьж чаддаггүй байхад хятадууд ирээд л барилга барьдаг байсан. Одоо барилга бариад сурчихлаа шүү дээ. Гоё л байгаа биз дээ, тиймээ. Малаа маллаж сурчихлаа шүү дээ. Махаа боловсруулаад сурчихлаа шүү дээ, энэ ард түмэн. Ингээд л урагшлаад яваад байна шүү дээ. Ноолуураа боловсруулаад сурчихлаа. Дэлхий даяар ноолуураа зарж чадаж байна. Чаддаг юм нь өдрөөс өдөрт нэмэгдээд, хийдэг ажил нь баялаг болоод, ухаан шингэсэн ажил хийгээд яваад байх нь ард түмэн байхгүй юу даа.

-Төр улсын үүрэг юу юм тэгвэл: ард түмэн төртэй байж чадаж байна уу? УИХ-ын гишүүд төр гэдгээ ойлгодог юм болов уу?

-Төр улсын үүрэг ард түмнээ амгалан тайван байлгах ёстой. Ерөөсөө яагаад төр үүссэн юм бэ гэж асуулт байгаа юм. Төргүй байж яагаад болдоггүй юм. Төртэй болсон шалтгаан ерөөсөө хулгай дээрмээс сэргийлсэн байхгүй юу. Биеийнхээ чадлаар булчингаараа бие биенээ зодож дээрэмдэж тоноод байгааг болиод өгөөч ээ, бид татвар төлье, чи цагдаа гэдэг албатай болоо, тэгээд энэ хүмүүсийг амгалан тайван аж төрүүлээч ээ гэдэг төрийн эх сурвалж нь тэнд байгаа байхгүй юу. Хаанаас эхлэлтэй вэ гэдгийг л хар. Тэр эх сурвалж нь тэнд байтал тэрийг нь худлаа уран сайхнаар яриад сүүлдээ бараг төр нь Монгол улсаа хөгжүүлнэ гэж худлаа ярьсаар байгаад түүнд нь хүмүүс итгэчихсэн. Тэгсэн мөртлөө дандаа муу үйл хийгээд байхаар чинь үзэн ядахгүй яах юм бэ. Эд нар хөгжүүлнэ дээ гээд бодоод суугаад байдаг. Уг нь бол төрийн үүрэг эхлээд хүмүүсийг амгалан тайван байлгах. Дараагийнх нь эрх чөлөөг эдлүүлэх, ажил хийж байгаа хүнд халдаж болохгүй. Ямар нэгэн зүйл бүтээж байгаа хүний бүтээлийг нурааж болохгүй. Гурав дахь нь бол ерөнхийдөө нэг ийм орчинд амьдарна шүү гээд тэр хуулиа гаргаад, хуулинд захирагддаг ердөө л энэ гурав шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийн татварын мөнгөнд хүрч болохгүй, хулгайлж болохгүй, болохгүй юм бол зөндөө. Харамсалтай нь бид бараг хөгжүүлээд энэ ард түмний мөнгөөр барилга барьчхаад төр барьчихлаа гээд солиордог. Тэгээд бидний алдаа байхгүй юу. Дэлхий даяараа тийм. Монгол ганцаараа биш. Трамп би Америкийг хөгжүүлнэ гэж солиороод яг үнэндээ Трамп бол зочид буудал ажиллуулж чадна шүү дээ. Өөр юу чадах юм бэ.

-Тэгээд яагаад сонгочихов?

-Харин тэгээд дэлхийн улс төрийн амьдрал ийм л байхгүй юу. Путин жишээлбэл Оросын төлөө юу хийж чадах юм бэ. Юу ч чадахгүй шүү дээ. Оросын тариачид тариагаа тарьж чадна, фермерүүд малаа өсгөж чадна. Тэд амьдрал бүтээж байгаа. Улс орны үйлдвэрлэгчид нь үйлдвэрлэж чадна, технологийнхон шинжлэх ухааныхан нээлтээ хийнэ, тэр нээлтийг нь инноваци, ажил хэрэг болгодог бизнесүүд байна. Бараа худалдаачид гадагшаа зарна. Барилгыг нь барилгачид барина, замыг нь замчид барьж байна, тариаг нь тариачид нь тарьж байна. Малыг малчид нь маллаж байна. Худалдааг нь бизнес эрхлэгчид худалдагчид хийж байна. Хоолыг нь тогооч хийж байна. Яг улс төрчид юу хийх юм.

-Дахиад сонгуулийн хуульд өөрчлөлт орох магадлал байх уу?

-Байхгүй байх аа. МАН рейтинг уначихсан юм чинь хуучнаараа мөнгө тараана гээд дайрах байлгүй. Мөнгө тараахад жижиг тойрог өөрсдөд нь хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ:”АРДЧИЛАЛ ТАЙМС” СОНИН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here