Нүүр хуудас Улс төр УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

177
0

УИХ-ын чуулганы 2017.07.06-ны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж  УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч учир энэ өдрийн хуралдааныг дэд даргаар удирдуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Л.Болд нар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох тухай Засгийн газрын шийдвэр эрх зүйн болон санхүүгийн хувьд хэр боломжтой болох, сонгуулийн дараа энэ шийдвэр хэрэгжихгүй зогсохгүй байх баталгаа бий юу хэмээн лавласан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг тавьсан.

УИХ-ын дарга М.Энхболд, “Хүүхдийн мөнгө олгох, “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудлыг Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдсэн. Өмнө нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн мөнгөний асуудлыг ингэж шийдэж байсан. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаваргүйгээр олгохоор Засгийн газар шийдсэнийг зөв гэж үзэж байна. Ер нь цаашдаа хүүхдийн мөнгө олгож буй харилцааг зохицуулж буй эрх зүйн орчны босгыг өндөрсгөх хэрэгтэй. “Эрдэнэт”-ийн тухай асуудлыг шийдэх асуудлаар би өмнө нь байр сууриа илэрхийлж байсан. УИХ хаврын чуулганаараа энэ асуудлаар тогтоол баталсан. Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлаа хийж байна. Засгийн газрын шийдсэн эдгээр асуудал хэрэгжихгүй, эргэж буцна гэж байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ. Тэрбээр, УИХ дахь цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлээд УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар нэгдсэн хуралдааныг удирдуулахаар болсон юм.

Ингээд нэгдсэн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол бэлтгэснийг тус байнгын хорооны хуралдаанаар санал хураан шийдвэрлэсэн гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Жавхлан, А.Сүхбат, Ч.Улаан, С.Бямбацогт, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Д.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулиудыг эцэслэн баталлаа.

Дараа нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Биеийн тамир, спортын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн 9.4.1 дэх заалтыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуультай нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр боловсруулсан юм байна. Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан. Дээрх горимын саналыг чуулган нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин хуулийн төслийг баталлаа.

Хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан.

Багшийн хамгийн эрхэм үүрэг болох хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг дэмжин хөгжүүлэх ажиллагаа зохих ёсоор үнэлэгдэхгүй, багшийн нэр хүнд, мэргэжил, ур чадварын үнэлэмж доошилсон, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллагчдын идэвх, оролцоо хангалттай бус байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний онцлог, бусдаас ялгаатай байдлыг нээн илрүүлж, хөгжлийг нь дэмжиж буй багшийн тэргүүн туршлагыг олон нийтийн хүртээл болгох нь багшийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд түлхэц болох учиртай гээд нөгөө талаар бүх шатны боловсролын байгууллагын мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний үндэсний цогц судалгаа өнөөг хүртэл хийгдээгүй байгаа нь багш хөгжих эрэлт хэрэгцээ, хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ нь үндэслэл муутай байсаар байна гэв. Багш нарын цалин хөлс хангамж нь мужаан, жолооч, үйлчлэгч нарын цалингийн сүлжээтэй дүйцэхүйц хэмжээнд байгаа нь багш нарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна хэмээн хууль санаачлагч үзэж буй аж. Мөн багшийн мэргэжил сонгон суралцах сурагчдын ерөнхий эрдмийн шалгалтын оноо сайнгүй байгаа нь Монгол Улс боловсролын салбарын хөгжилд анхаарахгүй байгаагийн илрэл гэлээ. Иймд хуулийн төслөөр багш нарт тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхээр тодорхой заалтуудыг тусгажээ. Тухайлбал:

  • Багш ажлын байран дээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг сайжруулах
  • Ажлын ажлын гүйцэтгэлд суурилсан цалингийн урамшуултай болох.
  • 5 жил ажиллаж байж мэргэжлийн зэрэг ахиж буй системийг илүү уян хатан болгож ажлын ажлын гүйцэтгэлээсхамааруулах
  • Бага ангид туслах багштай болж ачааллыг бууруулах.
  • Багшийн нэр хүндийг хуулиар хамгаалах.
  • Багшийн хүүхдийг цэцэрлэгт тэргүүн ээлжинд авдаг болох
  • Багшийн эрүүл мэндэд анхаарал хандуулах.

Багшийн хөгжилд тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдвэрлэснээр багш өөрийгөө хөгжүүлэх хүсэл сонирхол, боломж бололцоог бодлогоор дэмжиж, ажлын нөхцөл, тэдэнд тулгарч буй зарим нэг асуудлуудыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, боловсролын асуудал багш нартай холбоотой. Багш гэсэн мэргэжлийн нэр төр, үнэ цэнийг өсгөж байж сайн багш бэлтгэж чадна. Хуулийн төсөлд багш хөгжих бололцоотой ямар заалтууд орсныг тодруулсан. УИХ-ын гишүүн Н.Учрал, Багшийн хөгжлийн баталгаа гэсэн бүлэгт багш нарыг идэвхжүүлэх талаар хэд хэдэн заалтууд орсон гэлээ. Тухайлбал, багшийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь хамран суралцах тойргийн дагуу тэргүүн ээлжинд авах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэргийг суралцагчдын сурлагын амжилт, чанар, суралцагч эсвэл түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн сэтгэл ханамж, заах аргын чадвар, өөрийгөө хөгжүүлсэн байдлыг харгалзан хугацаанаас өмнө нэмэгдүүлж болохоор тусгажээ. Түүнчлэн багшийн ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг багшид олгох, багшийг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах талаар мөн тусгасан аж. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.  Мөн хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан. Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын 1993 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тухайлбал уг журамд Хоёрын 9 дэх буюу “Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч нь шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг (нанжвандан) дээр залж шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр түшиж адислан гардаж аваад ширээн дээрээ зална” гэсэн заалт нэмэхээр тусгажээ. Түүнчлэн “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ын Нэгийн 1 дэх заалт, Хоёрын 7 дахь заалтыг өөрчлөн найруулахаар тусгасан аж. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам”-ын Нэгийн 2 дахь заалтын “Их эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайн” гэснийг “Их танхимын тайзны” гэж, Нэгийн 4 дэх заалтын “Төрийн ордон цогцолборын өмнө тусгай зассан талбайд” гэснийг “Их танхимд” гэж, Хоёрын 11 дэх заалтын “16 дахь” гэснийг “9 дэх” гэж, Хоёрын 12 дахь заалтын “Их эзэн Чингис хаан хөшөөний өмнө” гэснийг “Их танхимын тайзнаа” гэж, Хоёрын 13 дахь заалтын “ширээндээ залармагц” гэснийг “төрийн тамгыг ширээн дээрээ залмагц” гэж, Хоёрын 18 дахь заалтын дугаарыг “16” гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж хариулт авсаны дараа тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here